32 дугаар зүйл. Гадаад ажилтны ажлын байрны төлбөр

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Гадаад ажилтны ажлын байрны төлбөр

32.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн нэг сарын хэмжээ нь нэг сард ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна.

32.2."Ажлын байрны төлбөр" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч нь гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсний төлөө энэ хуульд заасан хэмжээгээр төлөх мөнгөн төлбөрийг ойлгоно.

32.3.Энэ хуулийн 21.2.1, 21.2.3, 21.3.1, 21.3.7, 22.5-д заасан гадаад ажилтан, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагч авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

32.4.Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэл, шинэ хотын бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.5.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээдийн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газрын шийдвэрээр хөнгөлж, чөлөөлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

32.6.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

32.7.Ажил олгогч хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хугацаагаар тооцож ажлын байрны төлбөрийг урьдчилан төлнө. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.8.Гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөхтэй холбоотой журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.9.Энэ хуулийн 26.1-д заасны дагуу зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд ажлын байрны төлбөрийн зөрүүг буцаан олгохгүй. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН САН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.