6 дугаар зүйл. Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ
6.1.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/-ийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
6.2.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээг дараах этгээд эрхлэхийг хориглоно:
6.2.1.аялал жуулчлал, агаарын тээврийн тасалбарын үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд;
6.2.2.хүн худалдаалах, хүн хулгайлах, өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон хүн, хуулийн этгээд;
6.2.3.төрийн албан хаагч;
6.2.4.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;
6.2.5.гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээд;
6.2.6.төрийн бус байгууллага;
6.2.7.шашны байгууллага;
6.2.8.хууль тогтоомжид заасан бусад.
6.3.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах захиргааны гэрээний загвар, бүртгэл, тайлангийн маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрхээ Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./