9 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох
9.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.Тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно.
9.3.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь ялгагдах онцлог тэмдэг, нэгдсэн дугаар, тухайн хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, ажилтан хүлээн авах улсын нэр, зуучлах зөвшөөрөл олгосон шийдвэрийн дугаар, зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа болон сунгалтыг заасан үнэт цаасан дээр хэвлэсэн баримт бичиг байна.
9.4.Засгийн газар дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан зарим салбарт зуучлах үйлчилгээ эрхлэхэд хязгаарлалт тогтоож болно.
9.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөлд зааснаас өөр улсад зуучлах үйлчилгээ эрхлэх бол ажилтан хүлээн авах талтай хийсэн гэрээ, уг гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан тухай баримт бичгийг бүрдүүлэн, тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу гаргана.
9.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл авсны дараа гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээнд өөрчлөлт орсон тохиолдолд ажлын таван өдрийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр мэдэгдэж, бүртгүүлнэ.
9.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд, зуучлах үйлчилгээ хариуцсан ажилтан, хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, байгууллагын хаяг, байршил, харилцах утас, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг өөрчлөгдсөнийг тухай бүр ажлын таван өдөрт багтаан, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ. Мэдэгдээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
9.8.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай шийдвэрийг гарсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор гадаадын иргэний, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон хүлээн авагч улсын холбогдох байгууллагад хүргүүлж, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.9.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим систем ашиглан тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг цахимаар үзүүлж болно. Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.