4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."амьтан" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасныг;

4.1.2."биологийн нөөц" гэж генетик нөөц болон бодит, эсхүл боломжит үнэ цэнэ бүхий экосистемийн амьд бүрэлдэхүүн хэсгийг;

4.1.3."биосоёлын тэмдэглэл" гэж иргэд орон нутгийнхаа генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг тодорхойлж, түүнийг бусад этгээдэд ашиглуулах нөхцөлийг хэлэлцэн тохирсон зөвшилцлийг;

4.1.4."биотехнологи" гэж биологийн систем, амьд биес, тэдгээрээс гаралтай үүсмэлийг ашиглан тодорхой зориулалт бүхий бүтээгдэхүүн, эсхүл арга ажиллагаа бий болгох аливаа технологийг;

4.1.5."биохайгуул" гэж биологийн олон янз байдлын генетик нөөцийг ашиг олох зорилгоор хайх, судлах үйл явцыг;

4.1.6."бичил биетэн" гэж энгийн нүдэнд үл үзэгдэх нэг ба олон эст амьд бие, вирусийг;

4.1.7."генетик материал" гэж ургамал, амьтан, бичил биетний болон бусад эх үүсвэрээс гаралтай удамшлын бүтэц, үйл ажиллагааны нэгж агуулсан аливаа бүрэлдэхүүнийг;

4.1.8."генетик нөөц" гэж бодит, эсхүл боломжит үнэ цэнэ бүхий генетик материал, үүсмэлийг;

4.1.9."генетик нөөц ашиглах" гэж генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны болон ашиг олох зорилгоор илрүүлэх, цуглуулах, судлан хөгжүүлэх, бүтээгдэхүүн бий болгох үйл ажиллагааг;

4.1.10."генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг" гэж аман болон бичмэл, бусад хэлбэрээр өвлөгдөн, уламжлагдаж ирсэн биологийн нөөцийн онцлог шинж чанар, түүнийг ашиглах мэдлэг, арга ухаан, дадлыг;

4.1.11."генетик нөөцийн материал дамжуулах гэрээ" гэж генетик нөөцийн биет дээж, сорьц, материал, үүсмэлийг ашиглах, эсхүл хадгалах талд тодорхой нөхцөлтэйгөөр дамжуулах хэлцлийг;

4.1.12."генийн сан" гэж амьд бие, эрхтэн, эд, эс, өсгөвөр, удамшлын материалын биет болон тоон мэдээллийн сан хөмрөгийг;

4.1.13."олон улсын мэдээлэл солилцооны төв" гэж Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протокол /цаашид "Нагоягийн протокол" гэх/-ыг соёрхон батлах тухай хуульд заасны дагуу гишүүн орнуудын дунд хэрэгждэг генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын талаарх мэдээлэл солилцох тогтолцоог;

4.1.14."ургамал" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг;

4.1.15."урьдчилсан зөвшөөрөл" гэж генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгээ ашиглуулж болохыг зөвшөөрсөн эзэмшигчээс өгсөн баталгааг;

4.1.16."үр шимийн гэрээ" гэж генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэх нөхцөлийг тодорхойлсон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигч ба ашиглах хүсэлт гаргагчийн хооронд байгуулсан гэрээг;

4.1.17."үүсмэл" гэж генийн үйл ажиллагаа, бодисын солилцооны дүнд уламжлан үүсэх, байгальд тохиолддог биохимийн нэгдлийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.