13 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ

13.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална:

13.1.1.батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах;

13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох;

13.1.3.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлтийг зарцуулахгүй байх;

13.1.4.төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх;

13.1.5.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдсанаас хойш түүний төсөвт өртөг нэмэгдүүлэх үр дагавар бүхий нэмэлт шаардлагыг зохиогч, ашиглагч, захиалагчийн хяналт тавих этгээд гаргахгүй байх;

13.1.6.улсын болон орон нутгийн төсвийн эх үүсвэрээр барьж ашиглалтад оруулсан барилга байгууламжийн ашиглалтын хугацааны норм дуусахаас өмнө ижил төрлийн барилга байгууламж дахин шинээр барих төслийн санал гаргахгүй байх;

13.1.7.хөдөө аж ахуй, хүнс, импортыг орлох хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд эрэмбэлэх.

13.2.Энэ хуулийн 13.1.6-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс тохиолдсоны улмаас барилга байгууламж шинээр барих тохиолдол хамаарахгүй.

13.3.Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно:

13.3.1.хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулах;

13.3.2.хувийн өмчид шилжих, улсын болон орон нутгийн өмчид бүртгэх боломжгүй, нийтийн зориулалттай бус ашиг олох зорилготой төсөл, арга хэмжээ;

13.3.3.техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ.

13.4.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно:

13.4.1.орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт;

13.4.2.орон нутгийн хог хаягдлын асуудал;

13.4.3.орон нутгийн авто замын засвар хийх;

13.4.4.багийн төв, хорооны засаг захиргааны зориулалттай барилга барих, тохижуулах, засварлах, тоног төхөөрөмж худалдан авах;

13.4.5.айл, өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт;

13.4.6.нийтийн эзэмшлийн байр, орон сууцны засвар, шинэчлэл.

13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.

13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно.

13.7.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь нэг жилээс илүү хугацаанд үргэлжлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.