11 дугаар зүйл. Үндэсний сурын харваа
11.1.Улсын баяр наадмын үндэсний сурын харвааг үндэсний их сурын цуваа харваагаар явуулна.Үндэсний сурын харваач нь 18 насанд хүрсэн байна.
11.2.Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд тавдугаар байр эзэлсэн харваачид улсын тод харваач, дөрөвдүгээр байр эзэлсэн харваачид улсын онч харваач, гуравдугаар байр эзэлсэн харваачид улсын гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид улсын гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлсэн бол улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлсэн бол улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлсэн бол улсын дархан мэргэн цол олгоно.
11.3.Аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид аймгийн мэргэн, хоёрдугаар байр эзэлсэн харваачид аймгийн гарамгай харваач, гуравдугаар байр эзэлсэн харваачид аймгийн гоц харваач, дөрөвдүгээр байр эзэлсэн харваачид онч харваач, тавдугаар байр эзэлсэн харваачид тод харваач цол олгоно.
11.4.Сумын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид сумын гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид сумын гарамгай харваач, түрүүлсэн харваачид сумын мэргэн цол олгоно.
11.5.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сурын харваачийг Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд бүртгэхээс татгалзах, бүртгэлээс хасах, сурын харваанаас хасах, цол, чимэг олгохоос татгалзах, олгосон цол, чимгийг хураахыг хориглоно.