15 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаарх Засгийн газрын бүрэн эрх
15.1.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батлах;
15.1.2.улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх төрийн ёслолын арга хэмжээний журмыг батлах;
15.1.3.зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах;
15.1.4.улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, допингийн шинжилгээ хийхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад хяналт тавих;
15.1.5.бөх, уяач, харваач, үндэсний хурдан морины уралдаанд оролцсон хүүхдэд олгох бай, шагналын хэмжээг тогтоох;
15.1.6.Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар допингийн шинжилгээ хийлгэх арга хэмжээг зохион байгуулуулах;
15.1.7.Үндэсний их баяр наадам өөрийн бэлгэдэл /барааны тэмдэг/-тэй байх бөгөөд хэрэглэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан батлах.
15.2.Засгийн газар энэ хуулийн 15.1.1-д заасан дүрмийг батлахдаа холбогдох үндэсний спортын холбооны саналыг авсан байна.
15.3.Энэ хуулийн 15.1.1-д заасан дүрэм нь бөх, уяач, сурын болон шагайн харваач, хурдан морийг бүртгэх, эрэмблэх, өсвөр үеийн бөхийн насны дээд, доод хязгаар, оролцогчийн эрх, үүрэг, ёс зүй, сахилга, хариуцлага, маргаан шийдвэрлэлт, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулалт, мэдээллийн сан хөтлөх болон бусад үндэсний бөхийн барилдаан, сурын болон шагайн харваа, үндэсний хурдан морины уралдааныг зохион байгуулахтай холбогдох бусад зохицуулалтыг агуулна.