14 дугаар зүйл. Үндэсний их баяр наадамд оролцож байгаа бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмчийн эрх, үүрэг
14.1.Үндэсний их баяр наадамд оролцож байгаа бөх, уяач, харваач нь наадамчин олон, баяр наадмаа хүндэтгэн, төрийн ёслол, зан уламжлалыг чанд сахина.
14.2.Энэ хуулийн 9.1-д заасан бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, энэ хуулийн 9.5, 9.9-д заасан аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөх, 11.2-т заасан үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.3.Энэ хуулийн 14.2-т заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно.
14.4.Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөх дараах эрх эдэлнэ:
14.4.1.улс, аймаг, сумын цол авах;
14.4.2.Үндэсний их баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах;
14.4.3.үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан бусад эрх.
14.5.Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөх дараах үүрэг хүлээнэ:
14.5.1.хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;
14.5.2.Монгол Улсын стандартад нийцсэн бөхийн малгай, зодог шуудаг, гутал, хүлэг боолтыг өмсөж барилдах;
14.5.3.барилдааны үед засуул, хөлийн цэцийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
14.5.4.хориотой, учраа бөхөө гэмтээх барьц барихгүй, хөдөлгөөн хийхгүй байх;
14.5.5.эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэх тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандах;
14.5.6.Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр хориглосон бодис, арга хэрэглэсэн нь илэрсэн бөх, харваач "В" дээжид шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг төлөх;
14.5.7.энэ хуулийн 14.5.2, 14.5.3, 14.5.4, 14.5.5-д заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын цол, чимгээ хураалгаж, хуульд заасан хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй талаарх баталгааг бичгээр гаргаж, салбар хороонд өгөх;
14.5.8.хууль, дүрэмд заасан бусад үүрэг.
14.6.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах эрх эдэлнэ:
14.6.1.улс, аймаг, сумын цол авах;
14.6.2.Үндэсний их баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах;
14.6.3.үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад эрх.
14.7.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах үүрэг хүлээнэ:
14.7.1.хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;
14.7.2.эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
14.7.3.энэ хуулийн 10.1-д заасан шаардлагыг хангасан байх;
14.7.4.морийг насны өөр ангилал болон энэ хуулийн 10.13-т заасан шаардлага хангаагүй морийг Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй байх;
14.7.5.энэ хуулийн 10.12-т заасан хугацаанд бүртгэлд хурдан морио бүртгүүлсэн байх;
14.7.6.хурдан морийг дагахгүй, зориуд хөөхгүй байх;
14.7.7.уралдаанч хүүхдэд энэ хуулийн 13.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэл хэрэглүүлэх;
14.7.8.уралдаанч хүүхэд болон бусад уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэхгүй байх, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйлийг үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед хэрэглүүлэхгүй байх;
14.7.9.уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн хугацаатай ослын даатгалд даатгуулсан байх;
14.7.10.уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, учирсан хохирлыг нөхөн төлөх;
14.7.11.уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх;
14.7.12.үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх.
14.8.Үндэсний их баяр наадмын үндэсний сурын болон шагайн харваанд оролцох сурын болон шагайн харваач дараах эрх эдэлнэ:
14.8.1.улс, аймаг, сумын цол авах;
14.8.2.баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах;
14.8.3.үндэсний сурын харвааны дүрэм болон үндэсний шагайн харвааны дүрэмд заасан бусад эрх.
14.9.Үндэсний их баяр наадмын үндэсний сурын болон шагайн харваанд оролцож байгаа сурын болон шагайн харваач дараах үүрэг хүлээнэ:
14.9.1.хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;
14.9.2.стандартын шаардлагад нийцсэн эд хэрэглэл хэрэглэх;
14.9.3.шүүгчийн шаардлагыг биелүүлэх;
14.9.4.үндэсний сурын харвааны дүрэм болон үндэсний шагайн харвааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх;
14.9.5.ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг чанд мөрдөх.
14.10.Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч дараах үүрэг хүлээнэ:
14.10.1.дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй, допинг хэрэглүүлэхгүй байх;
14.10.2.хууль, дүрэмд заасан бусад.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ