9 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан
9.1.Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.
9.2.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх нь 16 насанд хүрсэн байна.
9.3.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дараах амжилт үзүүлсэн бөхөд доор дурдсан улсын цол олгоно:
9.3.1.тав давсан бөхөд улсын начин;
9.3.2.зургаа давсан бөхөд улсын харцага;
9.3.3.долоо давсан бөхөд улсын заан;
9.3.4.найм давсан бөхөд улсын гарьд;
9.3.5.ес давсан бөхөд улсын арслан;
9.3.6.улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.3.7.улсын аварга цолтой бөх ес даван түрүүлбэл улсын даян аварга, даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл дархан аварга; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.3.8.улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх 10 даван түрүүлсэн бол улсын аварга; /Энэ заалтын дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.9.ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол улсын аварга; /Энэ заалтын дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.10.ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх 10 даван түрүүлсэн бол даян аварга; /Энэ заалтын дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.11.улсын аварга цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол даян аварга; /Энэ заалтын дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.12.даян аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд дархан аварга; /Энэ заалтын дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.13.улсын аварга цолтой бөх 10 даван түрүүлсэн бол дархан аварга. /Энэ заалтын дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.Дархан аварга цол нь үндэсний бөхийн дээд цол байна.
9.5.Аймгийн баяр наадамд 16 насанд хүрсэн 128 хүртэлх бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно. Аймгийн тэгш ойн баяр наадамд 256 хүртэлх бөх барилдаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.6.Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэлх бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
9.7.Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно.
9.8.Бөхийн цолны эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.9.Бүх цэргийн баяр наадмыг жилд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр 256 хүртэлх бөх барилдуулахаар зохион байгуулж болно. Бүх цэргийн баяр наадамд олгох цолыг аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд цэргийн начин, зургаа давсан бөхөд цэргийн харцага, үзүүрлэсэн бөхөд цэргийн заан, түрүүлсэн бөхөд цэргийн арслан цолыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./