8 дугаар зүйл. Үндэсний бөх, үндэсний хурдан морь, сурын болон шагайн харвааны цол, чимэг
8.1.Зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид болон энэ хуулийн 10.4-т заасан амжилтыг харгалзан уяачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
8.2.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид олгосон улсын цолыг хураалгах саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
8.3.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 8.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөх, сурын харваачид олгосон улсын цолыг хураана.
8.4.Аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид аймаг, сумын цолыг аймаг, дүүрэг, сумын Засаг дарга, аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн шагайн харваачид үндэсний спортын төрлөөр аймгийн цолыг аймгийн Засаг дарга олгоно.
8.5.Энэ хуулийн 10.5, 10.6-д заасан амжилт, тухайн үндэсний спортын холбоо болон аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн уяачид аймаг, сумын цолыг аймаг, дүүрэг, сумын Засаг дарга олгоно. Энэ хуулийн 5.7, 5.8-д заасан баяр наадамд дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн цолыг Нийслэлийн Засаг дарга олгоно.
8.6.Цолны чимэг, бай шагналыг зохион байгуулах хороо, салбар хороо олгоно.
8.7.Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан үндэсний хурдан морины уралдаанд энэ хуулийн 10.4-т заасан амжилтыг харгалзан цол, чимэг олгоно.
8.8.Энэ хуулийн 9, 10, 11, 12 дугаар зүйлд заасан цол, чимэг олгох болзол, журмыг хангаагүй бөх, сурын болон шагайн харваач, уяачид цол, чимэг олгохыг хориглоно.