22 дугаар зүйл. Хөлөг онгоцны бүртгэл
22.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн харьяалал бүхий цэрэг дайны зориулалттай хөлөг онгоц болон загас агнуур хийх, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг хөлөг онгоцноос бусад бүх төрлийн хөлөг онгоцыг бүртгэнэ.
22.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл нь "нээлттэй бүртгэл" хэлбэртэй байх бөгөөд бүртгүүлэх хөлөг онгоцны эзэмшигч, ахмад, багийн гишүүний иргэний харьяаллыг харгалзахгүйгээр бүртгэлд хамруулна.
22.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журмыг Засгийн газар батална.
22.4.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэх, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах, бүртгэлийг цуцлах, далбааны эзэн улсын хяналт тавихтай холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээний доод хязгаарыг Засгийн газар тогтооно.
22.5.Энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Далайн захиргаа нь хөлөг онгоцонд олгосон гэрчилгээ, бусад баримт бичгийг нөхөн олговор олгохгүйгээр хүчингүй болгох эрхтэй.
22.6.Хөлөг онгоцны бүртгэлийн түр болон байнгын гэрчилгээ, хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээ, баталгаажуулах гэрчилгээ зэрэг бүртгэлтэй холбоотой бусад баримт бичгийн загварыг Далайн захиргаа батална.
22.7.Далайчны чадамжийн гэрчилгээг хүлээн зөвшөөрч, баталгаажуулахтай холбоотой харилцааг энэ хуулийн 22.3-т заасан журмаар зохицуулна.