33 дугаар зүйл. Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах
33.1.Далбааны эзэн улс далайн осол, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор осол, зөрчлийг шинжлэн шалгах бөгөөд энэ нь аливаа этгээдийн гэм бурууг тогтооход чиглэгдэхгүй.
33.2.Далайн захиргаа нь Монгол Улсын олон улсын гэрээний дагуу далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах эрх бүхий байгууллага бөгөөд осол, зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилж, чөлөөлнө.
33.3.Далайн захиргаа нь далайн осол, зөрчил гарсан тохиолдолд осол, зөрчлийн хэрэгт хамаарал бүхий бусад улсын эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэнэ.
33.4.Далайн осол, зөрчилд хамааралтай байж болох далбааны эзэн улс, эргийн улс зэрэг оролцогч талууд хэлэлцэж, далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг аль улс хийхийг шийдвэрлэх бөгөөд шийдвэрлэж чадаагүй тохиолдолд оролцогч тал тус бүр шинжлэн шалгах ажиллагааг бие даан явуулж болно.
33.5.Далайн осол, зөрчил гэдэгт хөлөг онгоцны үйл ажиллагаатай шууд холбоотой дараах тохиолдлыг ойлгоно:
33.5.1.хүний биед онц ноцтой гэмтэл учрах, амь нас эрсдэх;
33.5.2.хөлөг онгоцноос хүн алга болох;
33.5.3.хөлөг онгоц алга болох, хөлөг онгоцыг зайлшгүй орхих;
33.5.4.хөлөг онгоцонд болон түүний тавцан дээрх эд материалд хохирол учрах;
33.5.5.мөргөлдсөний улмаас хөлөг онгоц эвдрэх, сүйрэх;
33.5.6.хөлөг онгоцны аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц эвдрэл гэмтэл хөлөг онгоц болон түүний тоног төхөөрөмжид гарах;
33.5.7.осол, зөрчлөөс шалтгаалан далайн орчныг бохирдуулах, хор хохирол учруулах.
33.6.Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
ДАЛАЙ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА