4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."хөлөг онгоц" гэж далай ашиглах үйл ажиллагаа явуулахад зориулагдсан хөдөлгүүрт болон хөдөлгүүрт бус инженерийн хөвөгч байгууламжийг;
4.1.2."Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц" гэж энэ хуулийн 22 дугаар зүйлийн дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцыг;
4.1.3."боомт" гэж хөлөг онгоц зогсоход зориулагдсан, тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон далайн эргийн зогсоол бүхий байгууламжийг;
4.1.4."хөвөлтөд тохирсон" гэж тухайн төрөл, зориулалтын хөлөг онгоц экологи, аюулгүйн болон техникийн дүрмийн шаардлага хангасан, аюулгүй аялахад зайлшгүй шаардлагатай бүрэн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг, бүх төрлийн нөөц, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдлыг;
4.1.5."ахмад" гэж далай ашиглах үйл ажиллагааг аюулгүй хэрэгжүүлэхийн тулд хөлөг онгоц, багийн бүрэлдэхүүнийг хөлөг онгоцны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хариуцан удирдаж байгаа этгээдийг;
4.1.6."хөлөг онгоцны баг" гэж хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий мэргэжлийн бүрэлдэхүүнийг;
4.1.7."хөлөг онгоцыг дангаар түрээслэх" /бербоут-чартер/ гэж түрээслэгч хөлөг онгоцыг өөрийн эзэмшил, ашиглалтад авч, түүнд бүрэн хяналт тавих, хөлөг онгоцны ахмад болон багийн бүрэлдэхүүнийг сонгож томилох эрхтэйгээр түрээслүүлэгчээс түрээслэгчид шилжүүлж байгаа албан ёсны гэрээг;
4.1.8."хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага" гэж Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэх, бүртгүүлсэн хөлөг онгоцонд үзлэг оношилгоо, техникийн хяналтыг хэрэгжүүлж, холбогдох гэрчилгээ олгох эрхийг Далайн захиргаанаас авсан ангиллын нийгэмлэг буюу хуулийн этгээдийг;
4.1.9."хөлөг онгоц эзэмшигч" гэж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу тодорхой хугацаагаар хөлөг онгоцыг эзэмших эрхийг хууль болон хэлцлийн үндсэн дээр авч, үүрэг хүлээж, ашиглаж байгаа хүн болон хуулийн этгээдийг;
4.1.10."далбааны эзэн улсын хяналт" гэж Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжид заасан шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг;
4.1.11."аврах ажиллагаа" гэж далайд аюулд өртсөн хөлөг онгоц, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврах, тусламж үзүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа цогц үйл ажиллагааг;
4.1.12."далайчин" гэж хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангах, далайн орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа этгээдийг.
ДАЛАЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ