5 дугаар зүйл. Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
5.1.Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.далай ашиглах үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
5.1.2.далай ашиглахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, тэдгээрт хууль тогтоомжийг нийцүүлж, биелэлтийг хангуулах;
5.1.3.Олон Улсын Далайн Байгууллагын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Олон Улсын Далайн Байгууллагад хүргүүлэх;
5.1.4.гэрээний үндсэн дээр зарим чиг үүргийг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх;
5.1.5.далайн эрэг бүхий улстай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу далайн боомт ашиглах үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах.
5.2.Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана.