6 дугаар зүйл. Монгол Улсын Далайн захиргааны эрх, үүрэг

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Монгол Улсын Далайн захиргааны эрх, үүрэг

6.1.Далайн захиргаа Монгол Улсын олон улсын гэрээний дагуу дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

6.1.1.далай ашиглах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

6.1.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоцыг бүртгэх;

6.1.3.хөлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжид техникийн хяналт тавих;

6.1.4.хөлөг онгоц дээр ажиллагсад, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;

6.1.5.далай ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

6.1.6.хөлөг онгоцны байршлыг тогтоох, алсын зайнаас хянах үйл ажиллагаанд хяналт тавих;

6.1.7.хөлөг онгоцноос далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, бохирдсон үед холбогдох арга хэмжээ авах;

6.1.8.энэ хуулийн 5.1.5-д заасан далайн боомт ашиглахтай холбогдсон судалгаа, шинжилгээ хийх;

6.1.9.далайн чиглэлээр дотоод, гадаадын холбогдох байгууллагатай хамтарсан сургалт зохион байгуулах, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх;

6.1.10.гадаад орны эрх бүхий байгууллагаас олгосон, олон улсын гэрээ, конвенцын шаардлагыг хангасан далайчны чадамжийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах;

6.1.11.хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд ажиллах үндэсний хүний нөөцийн ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох, тэдгээрийг холбогдох олон улсын гэрээнд нийцүүлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах;

6.1.12.Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулах;

6.1.13.хуулиар тусгайлан эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

6.1.14.далайн осол, зөрчлийг шинжлэн шалгасан зөвлөмжийг үндэслэн цаашид осол, зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

6.1.15.хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-иос доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах.

6.2.Энэ хуулийн 6.1.3, 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.7, 6.1.9, 6.1.11, 6.1.14-т заасан үйл ажиллагааг олон улсын холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.

6.3.Далайн захиргаа энэ хуульд нийцүүлэн техникийн болон бусад стандарт, дүрэм, журмыг өөрийн эрх мэдлийн хүрээнд боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулж, тэдгээрийг бүртгэлтэй хөлөг онгоцонд даган мөрдүүлж болно.

ХӨЛӨГ ОНГОЦ, БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ХӨЛӨГ ОНГОЦ ДЭЭРХ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.