47 дугаар зүйл. Хөлөг онгоцноос ялгарах агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх
47.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн бүх хөлөг онгоц агаар бохирдуулахаас урьдчилан сэргийлж энэ хуулийн 41.1-д заасан конвенцыг дагаж мөрдөнө.
47.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 400 ба түүнээс дээш тоннын даацтай хөлөг онгоц, далайн ёроолд суурилуулсан болон хөвж байгаа өрөмдлөгийн цамхаг, хөвөгч тавцан үзлэг, оношилгоонд хамрагдана.
47.3.Хөлөг онгоц, өрөмдлөгийн цамхаг, тавцангийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, систем, зохицуулалт болон материал нь агаар бохирдуулахаас сэргийлэх шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, оношилгоо хийнэ.
47.4.Агаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх олон улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.
47.5.Агаар бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.
47.6.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 400 ба түүнээс дээш тоннын даацтай хөлөг онгоц нь аялалд гарахын өмнө хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар үзлэг, оношилгоо хийлгэж, Эрчим хүчний үр ашигтай үйл ажиллагааны олон улсын гэрчилгээ авсан байна.
47.7.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс хасагдсан, өөр улсын далбааг мандуулан аялах эрх үүссэн тохиолдолд Эрчим хүчний үр ашигтай үйл ажиллагааны олон улсын гэрчилгээ хүчингүй болно.
47.8.Агаар бохирдуулахаас сэргийлэх болон Эрчим хүчний үр ашигтай үйл ажиллагааны олон улсын гэрчилгээний загвар нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.
47.9.Хөлөг онгоц бүр Олон Улсын Далайн Байгууллагаас баталсан зааварчилгааны дагуу хөлөг онгоцны эрчим хүчний үр ашигтай үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөөтэй байна.
47.10.Үзлэг, оношилгоо хийгдсэнээс хойш Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоцны тоног төхөөрөмж, хэрэгсэл, систем, зохицуулалт, эсхүл материалд тэдгээрийг тохируулах, засварлахаас өөр аливаа өөрчлөлт оруулахыг хориглоно.