3.2 дугаар зүйл. Эрх бүхий этгээдийн бүрэн эрх
1.Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.1.энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах;
1.2.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
1.3.тухайн зөвшөөрлийн нөхцөл, шаардлагатай холбогдох мэдээ, тайланг зөвшөөрөл эзэмшигчээс авах.
2.Эрх бүхий этгээд дараах үүрэг хүлээнэ:
2.1.хуульд заасан зарчмыг баримтлах;
2.2.хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох;
2.3.зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явцыг зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байлгах;
2.4.зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах;
2.5.энэ зүйлийн 2.4-т заасан шийдвэрийг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор бүртгүүлэх;
2.6.зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулах, тухайн шийдвэрийг хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлэх;
2.7.зах зээлд чөлөөтэй өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй байх, түүнчлэн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахгүй байх;
2.8.зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
2.9.зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийн жагсаалт болон өргөдөл хүлээн авах этгээд, түүний хаяг, байршлын талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлэх.