5.1 дугаар зүйл. Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5.1 дугаар зүйл. Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах

1.Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.

2.Зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.

3.Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:

3.1.зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг;

3.2.хуульд заасан бол улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.3.хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг.

4.Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт бичиг буюу энэ зүйлийн 3.1, 3.3-т заасан баримт бичгийг дахин шаардахгүй.

5.Зөвшөөрөл хүссэн өргөдөл, энэ зүйлийн 3-т заасан баримт бичгийг цахим хэлбэрээр гаргаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Эрх бүхий этгээд нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.