5.5 дугаар зүйл. Зөвшөөрлийн хугацааг сунгах

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5.5 дугаар зүйл. Зөвшөөрлийн хугацааг сунгах

1.Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.

2.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.

3.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 2-т заасан өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.

4.Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, дараах арга хэмжээ авна:

4.1.баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлэх;

4.2.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх.

5.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 4.2-т заасан арга хэмжээний талаар зөвшөөрөл эзэмшигчид баримт бичгийн бүрдлийг шалгах хугацаанд багтаан мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг тус бүрийн талаар мэдэгдэлд тодорхой тусгана.

6.Энэ зүйлийн 4.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа ажлын 10 өдөр байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдөл гаргаагүйд тооцно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.Зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана:

7.1.тусгай зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор;

7.2.энгийн зөвшөөрлийг ажлын гурван өдрийн дотор.

8.Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагаанд шаардлагатай нэмэлт мэдээлэл, лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт зэргийг энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д заасны дагуу гаргуулан авна.

9.Магадлан шалгах ажиллагаанд төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж үзсэн бол энэ зүйлийн 7-д заасан хугацааг нэг удаа ажлын гурван өдрөөр сунгаж болно.

10.Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэрийг гаргана.

11.Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана.

12.Энэ зүйлийн 11-д заасны дагуу татгалзсан бол үндэслэл бүхий шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 10-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.Хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй нь холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно.

14.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасан, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа бол эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

15.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 2-т заасан нөхцөл, шаардлагаас гадна татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийн анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно.

17.Энэ зүйлийн 16-д заасны дагуу зөвшөөрлийг сунгасанд тооцсон шийдвэрийг эрх бүхий этгээд зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор гаргана.

18.Энэ зүйлийн 17-д заасан шийдвэрийг тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

19.Эрх бүхий этгээд шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор зөвшөөрлийн баримт бичигт дараах тэмдэглэлийг хийнэ:

19.1.зөвшөөрлийн сунгасан хугацаа;

19.2.зөвшөөрлийн дугаар, сунгасан он, сар, өдөр;

19.3.зөвшөөрөл сунгасан эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга /тэмдэг/, эсхүл цахим гарын үсэг. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 14, 15, 17-д заасан шийдвэрийг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор бүртгүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.