6.3 дугаар зүйл. Зөвшөөрлийг хүчингүй болгох журам
1.Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана.
2.Энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.
3.Зөвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 2-т заасан хугацаанд тайлбар өгөөгүй, энэ зүйлийн 1-д заасан мэдэгдэлд гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
4.Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ажлын хоёр өдрийн дотор бичгээр, эсхүл энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 10-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./