8 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.харьяалах асуудлаар паркийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, хяналт тавих;
8.1.2.дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, эрэлт хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор паркийн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, холбогдох журмыг батлах;
8.1.3.паркийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, үнэлэх, дүгнэлт гаргах;
8.1.4.паркт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, давтан сургах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
8.1.5.паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар санал боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэх;
8.1.6.паркийн удирдлагатай гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, дүгнэх;
8.1.7.паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулах, дүрмийг батлах;
8.1.8.үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зах зээлийг өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, сурталчлах чиглэлээр мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
8.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.