14 дугаар зүйл. Согтууруулах ундаа импортлох, экспортлох
14.1.Импортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийн техникийн зохицуулалтыг эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
14.2.Импортлох согтууруулах ундаа энэ хуулийн 14.1-д заасан техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна.
14.3.Импортлох согтууруулах ундааны загвар дээжийг гаалийн байгууллагын урьдчилан шинжилгээнд хамруулна.
14.4.Энэ хуулийн 14.3-т заасан шинжилгээний зорилгоор согтууруулах ундаанаас авах сорьц,дээж, загварын тоо хэмжээ нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан шинжилгээ, дүгнэлтэд хүрэлцэхүйц хамгийн бага хэмжээтэй байна.
14.5.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл шинээр авах болон хугацаа сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.5.1.тусгай зөвшөөрлийн өргөдөл;
14.5.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
14.5.3.урьд өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан бол аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан;
14.5.4.импортолсон бүтээгдэхүүнээ хадгалах агуулахын талаарх мэдээлэл;
14.5.5.импортлох согтууруулах ундаа үйлдвэрлэсэн болон экспортолсон улс орны чанар, стандартын шаардлага хангаж байгааг тодорхойлсон гэрчилгээ, баримт бичиг;
14.5.6.импортлох бүтээгдэхүүн бүрд дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой онцгой албан татварын тэмдэг үйлдэх, үйлдсэн тэмдгийн талаарх мэдээллийг цахим төлбөрийн баримтын системд холбох тоног төхөөрөмж шаардлага хангасан эсэх талаар татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлт;
14.5.7.үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.
14.5.8.энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан талаарх баримт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.5.9.импортын согтууруулах ундаа хадгалах барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаарх цагдаагийн байгууллагын санал; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.5.10.татварын өргүй талаар татварын байгууллагын тодорхойлолт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.6.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн зохицуулалт, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг импортлон нийлүүлэх нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
14.6.1.цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх;
14.6.2.онцгой албан татварын тэмдэг бүхий согтууруулах ундаа импортлох;
14.6.3.борлуулалт хийх бүрд цахим төлбөрийн баримт олгох, импорт, худалдаа бүрийг энэ хуулийн 38.7-д заасан журмын дагуу бүртгэх.
14.7.Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.8.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгаж болох бөгөөд таван жилээс дээш хугацаагаар сунгахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.9.Тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт, материалыг цахимаар шийдвэрлэж болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг дүгнэсний үндсэн дээр сунгах асуудлыг шийдвэрлэх бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.10.Татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
14.11.Үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг зөрчлийг арилгуулах зорилгоор гурав хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж, зөрчлийг арилгасан бол сэргээнэ.
14.12.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
14.12.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан;
14.12.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;
14.12.3.энэ хуулийн 14.5-д заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл тэдгээр нь худал мэдээлэл агуулсан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон;
14.12.4.энэ хуулийн 37.2-т заасан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, эсхүл онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундаа худалдсан;
14.12.5.онцгой албан татварын тэмдгийг бусдад дамжуулсан, шилжүүлсэн;
14.12.6.энэ хуулийн 14.11-д заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй;
14.12.7.техникийн зохицуулалтын шаардлага хангаагүй согтууруулах ундаа импортолсон;
14.12.8.согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл олгосноос хойш хоёр жил, түүнээс дээш хугацаанд согтууруулах ундаа импортлоогүй;
14.12.9.согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх зэрэг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлсэн, ашиглуулсан.
14.13.Согтууруулах ундаа импортлох, экспортлоход Засгийн газраас тогтоосон хилийн боомтоор нэвтрүүлнэ.
14.14.Согтууруулах ундааг тусгай зөвшөөрөлгүй, эсхүл бусад этгээдийн тусгай зөвшөөрөл ашиглан импортлохыг хориглоно.
14.15.Импортын согтууруулах ундаа нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бол тухайн этгээдийн зардлаар буцаана.
14.16.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ