15 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл

15.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоонд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгаж болох бөгөөд таван жилээс дээш хугацаагаар сунгахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг худалдана.

15.5.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад энэ хуулийн 15.2-т заасан журмыг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.6.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно.

15.7.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэнд, соёл, спортын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байрны байршил, аймаг, нийслэлийн саналыг харгалзан хүнс, эрүүл мэнд болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран тогтооно.

15.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 15.1-д заасан эрхээ сум, дүүргийн Засаг дарга, эсхүл доод шатны албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

15.9.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй этгээдэд олгоно.

15.10.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.