16 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн төрөл
16.1.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно.
16.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:
16.2.1. 11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;
16.2.2. 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.
16.3.Энэ хуулийн 16.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.
16.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь энэ хуулийн 16.3-т заасан арга хэмжээг зохион байгуулагчтай гэрээ байгуулсан байна.
16.5.Энэ хуулийн 16.3-т заасан үйл ажиллагаанд согтууруулах ундаагаар үйлчлэхдээ энэ хуулийн 16.2-т заасан цагийн хязгаарт нийцүүлнэ.
16.6.Энэ хуулийн 16.1, 16.2-т заасан тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлагыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.