17 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
17.1.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, татвар, цагдаагийн байгууллага, албан тушаалтны хамтарсан, эсхүл дангаар гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.1.илэрсэн зөрчлийг арилгах, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;
17.1.2.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд тавигдах хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй;
17.1.3.согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй.
17.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17.1-д заасан зөрчлийг арилгуулах зорилгоор гурав хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
17.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн хүсэлт болон илэрсэн зөрчлийг арилгах боломжийг харгалзан гурав хүртэл сарын хугацаагаар сунгаж болно.