18 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
18.1.Энэ хуулийн 17.1-д заасан байгууллага, албан тушаалтны санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
18.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан;
18.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;
18.1.3.тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл тэдгээр нь худал мэдээлэл агуулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
18.1.4.хуульд заасан өдөр, цагийн хязгаарыг гурван сарын хугацаанд гурав, түүнээс дээш удаа зөрчсөн;
18.1.5.энэ хуулийн 17.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг арилгаагүй, эсхүл хоёр сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх зөрчил гаргасан;
18.1.6.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн;
18.1.7.тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлсэн, хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчилсөн;
18.1.8.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй;
18.1.9.энэ хуулийн 22.1-д заасныг гурван сарын хугацаанд давтан зөрчсөн;
18.1.10.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс бусад тохиолдолд зургаан сараас дээш хугацаагаар тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй;
18.1.11.стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, хуурамчаар үйлдсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулсан, цахим төлбөрийн баримт олгоогүй согтууруулах ундаа худалдан борлуулсан;
18.1.12.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30.1, 30.2-т заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлээгүй;
18.1.13.хуульд заасан бусад.