7.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч стандартын шаардлага хангасан, техникийн зохицуулалт, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд нийлүүлэх нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
7.1.1.эрх бүхий байгууллагаас хянаж, баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, агуулах, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, технологийн заавартай байх;
7.1.2.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмж суурилуулах, түүнийг нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх;
7.1.3.үйлдвэрлэлийн үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллах мэргэжлийн хүний нөөцтэй байх;
7.1.4.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалган тогтоох лабораторитой байх;
7.1.5.цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх;
7.1.6.Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 5.1.5-д заасан онцгой албан татварын тэмдэг наах, мэдээллийг бүртгэх тоног төхөөрөмжтэй байх;
7.1.7.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх;
7.1.8.худалдаа хийх тухай бүр цахим төлбөрийн баримт олгох, спирт худалдан авалт, согтууруулах ундааны борлуулалт бүрийг энэ хуулийн 38.7-д заасан журмын дагуу бүртгэх.
7.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 7.1-д заасан төхөөрөмжгүй байж болно.