8 дугаар зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
8.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгаж болно. Тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт, материалыг цахимаар шийдвэрлэж болно. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.7, 6.1.8, 6.1.10, 6.1.11-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
8.3.Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтлах бөгөөд 10 жилээс дээш хугацаагаар сунгахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
8.5.Татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.