3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх түншлэлийн төслийг төлөвлөх, боловсруулах, үнэлэх, судлан шинжилсний үндсэн дээр төслийг сонгох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах болон хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.

3.2.Энэ хуульд заасан түншлэлд дараах үйл ажиллагаа хамаарахгүй:

3.2.1.батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа;

3.2.2.банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа;

3.2.3.уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа;

3.2.4.хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.

3.3.Түншлэлийн төсвийн удирдлага, санхүүжилт, тайлагналт болон болзошгүй өр төлбөрийн хяналттай холбоотой энэ хуульд зааснаас бусад асуудлыг Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулна.

3.4.Түншлэлийн зүйлийн эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь шилжсэн, шинээр бий болсон хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх, төрийн болон орон нутгийн өмчид авахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.

3.5.Түншлэлийн хүрээнд бусдын эзэмшил газрыг нөхөх олговортой солих буюу эргүүлэн авах асуудлыг Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

3.6.Түншлэлийн хүрээнд ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг энэ хууль болон Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар зохицуулна.

3.7.Түншлэлийн хүрээнд түншлэлийн төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах, сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг энэ хуульд зааснаар зохицуулах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.