4 дугаар зүйл. Түншлэлийн зарчим

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Түншлэлийн зарчим

4.1.Түншлэлд дараах зарчмыг баримтална:

4.1.1.түншлэлийн төсөл нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, олон нийтэд үйлчлэх зорилгыг дэмжсэн байх;

4.1.2.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсөв, санхүүгийн удирдлагад хяналт, зохицуулалтын тэнцвэрийг хангаж, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байх;

4.1.3.түншлэл нь төр, хувийн хэвшлийн хооронд эрх, үүргийг тодорхойлж, эрсдэлийг оновчтой хуваарилах, сайн засаглалын зарчимд тулгуурлах, урт хугацаанд төсвийн зардлыг чанар, үр дүн, гүйцэтгэлд үндэслэн хуваарилах, төрийн үйлчилгээг хангах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэх;

4.1.4.түншлэлд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үр ашигтай байдал болон хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, урт хугацаанд гарах зардлын хэмнэлттэй хувилбарыг сонгон хэрэгжүүлэх;

4.1.5.хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг шударга, эрх тэгш, ил тод, өрсөлдөөнд суурилсан, нээлттэй, үр дүнтэй, хариуцлагатайгаар зохион байгуулж, сонгон шалгаруулалтын бүх үе шатны явц, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлж байх;

4.1.6.хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт нь энэ хууль болон холбогдох бусад журам, аргачлалд бүрэн нийцсэн байх;

4.1.7.төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэх шийдвэрт төсөвт үзүүлэх эрсдэлийг үнэлж, тогтоох, түншлэлийн төслийн хэрэгжилтийн явцад санхүүжилтийн гүйцэтгэлийн хяналтыг тогтмол хэрэгжүүлдэг байх;

4.1.8.түншлэл нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих, төсөв, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацаанд тогтвортой байх;

4.1.9.түншлэлийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх.

Тайлбар: "Ногоон эдийн засаг" гэж байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.