39 дугаар зүйл. Түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг сунгах
39.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийг авч түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналаар дараах тохиолдолд түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ: /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.1.1.түншлэлийн гэрээний агуулгын ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ, мэдэгдэхүйц өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй болох нь тогтоогдсон бөгөөд талуудаас түншлэлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан бол;
39.1.2.гэнэтийн болон давагдашгүй, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлын улмаас төслийн техникийн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын тохиролцсон нийт хэмжээ өөрчлөгдсөн, хуульд зааснаар техник, эдийн засгийн үндэслэлийн тайланд өөрчлөлт орсон, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлс бий болсон бөгөөд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар талууд харилцан тохиролцсон бол; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.1.3.төрийн түншлэгчээс түншлэлийн гэрээний хамрах хүрээг өргөжүүлэн анхны гэрээнд тусгаагүй боловч зайлшгүй шаардлагатай ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн түншлэгчээр нэмэлтээр хийлгэх шаардлагатай болсон бол.
39.2.Энэ хуулийн 39.1.3-т заасан түншлэлийн төслийн нэмэлт ажил, үйлчилгээ дараах шаардлагыг хангасан байна:
39.2.1.эдийн засаг, техникийн шийдлийн хувьд одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж, анхны гэрээний хүрээнд хийсэн ажил, үйлчилгээтэй уялдаатай, харилцан хамааралтай, сэлгэн ажиллуулах боломжтой байх;
39.2.2.хувийн хэвшлийн өөр түншээр хийлгэх нь нийтийн ашиг сонирхолд үл нийцэх, төрийн түншлэгчийн хувьд илүү их ажиллагаа, хугацаа шаардах, нэмэлт зардал гарахаар бол.
39.3.Түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь анх тохирсон гэрээний үнийн дүнг 15-аас дээш хувиар өсгөхөөр бол, эсхүл анхны гэрээнд заагаагүй ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн түншлэгч нэмэлтээр үзүүлэх үр дагавартай бол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал, дүгнэлт авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.4.Түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа түншлэлийн гэрээний гол нөхцөлийг өөрчлөхийг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
39.5.Төрийн түншлэгч түншлэлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээг дахин сунгахгүйгээр дуусгавар болгох эрхтэй бөгөөд дараах тохиолдолд гэрээний хугацааг сунгахаар талууд зөвшилцөж болно:
39.5.1.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг талын хяналтаас давсан нөхцөл байдал үүссэнээс төслийн үйл ажиллагаа зогссон;
39.5.2.төрийн түншлэгчээс гаргасан түншлэлийн гэрээнд тусгагдаагүй шаардлагыг хангахад төслийн нийт өртөг өссөн бөгөөд хувийн хэвшлийн түншлэгч уг зардлыг гэрээний хугацаа сунгахгүйгээр нөхөх боломжгүй болсон.
39.6.Энэ хуулийн 36.2-т заасан хугацааг энэ хууль болон гэрээнд заасан шаардлага, үндэслэлээр Засгийн газрын зөвшөөрлийн үндсэн дээр талууд гэрээний хугацааг нэг удаа 10 хүртэлх жилээр сунгаж болно.