40 дугаар зүйл. Түншлэлийн гэрээг цуцлах, дуусгавар болгох
40.1.Түншлэлийн гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно:
40.1.1.түншлэлийн гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон бөгөөд талууд сунгах хүсэлт гаргаагүй;
40.1.2.түншлэлийн гэрээний нэг тал гэрээний үүргийг зөрчсөн, зөрчлийг арилгах үр дүнтэй арга хэмжээ аваагүй;
40.1.3.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон бөгөөд арилгах боломжгүй болсон;
40.1.4.хууль болон түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хувийн хэвшлийн түншлэгч төлбөрийн чадваргүй болсон буюу татан буугдсан;
40.1.5.энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан.
40.2.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түншлэлийн гэрээг дараах тохиолдолд төрийн түншлэгчийн санаачилгаар цуцална:
40.2.1.хувийн хэвшлийн түншлэгч гэрээг ноцтой зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон;
40.2.2.хувийн хэвшлийн түншлэгч татан буугдсаны улмаас түншлэлийн төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг арилгах зорилгоор;
40.2.3.түншлэлийн гэрээг энэ хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгуулсан нь тогтоогдсон бол.
40.3.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хувийн хэвшлийн түншлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж болно:
40.3.1.төрийн түншлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж түншлэлийн төслийг түр зогсоосон;
40.3.2.төрийн түншлэгч байгууллага хувийн хэвшлийн түншлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хувийн хэвшлийн түншлэгчийг түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид биелүүлэх боломжгүйд хүргэсэн хууль бус шийдвэр гаргасан, эсхүл хориглосон арга хэмжээ авсан;
40.3.3.түншлэлийн төсөл хэрэгжүүлэхэд зориулан хувийн хэвшлийн түншлэгчид эзэмшүүлж, ашиглуулсан газар, бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөд гэрээ байгуулахаас өмнө өр төлбөр байсан нь илэрсэн, эсхүл гэрээг байгуулах үед хувийн хэвшлийн түншлэгчид мэдэгдээгүй зөрчил илэрсэн бөгөөд эдгээр нь гэрээг хэвийн үргэлжлүүлэхэд боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн бол.
40.4.Түншлэлийн гэрээг цуцлахад талуудад олгох нөхөн төлбөрийг хэрхэн тооцохыг гэрээнд заах ба түншлэлийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зохих үнэ цэн, гарсан зардал, тухайн талд учирсан бодит хохирлыг оруулж болно.
40.5.Энэ хууль болон түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ дуусгавар болсноор эрх шилжүүлэх, түншлэлийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдох асуудлыг энэ хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар зохицуулна.
ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ