17 дугаар зүйл. Отоглох цэг
17.1.Улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага отоглох цэг байгуулах байршлыг тогтооно.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт байгуулах отоглох цэгийг улсын төсвийн, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны, олон улсын төслийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулна.
17.3.Энэ хуулийн 17.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газарт байрлах отоглох цэгийн менежментийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэх бөгөөд менежментийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээд, орон нутгийн иргэнээр гүйцэтгүүлж болно.
17.4.Энэ хуулийн 17.1-д заасан улсын аялал жуулчлалын бүс нь улсын тусгай хамгаалалттай газартай давхцаагүй тохиолдолд тухайн аялал жуулчлалын бүс дэх отоглох цэгийн менежментийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээд, орон нутгийн иргэнээр гүйцэтгүүлж болно.
17.5.Энэ хуулийн 17.4-т заасан отоглох цэгийн менежментийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх этгээдийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулна.
17.6.Энэ хуулийн 17.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газарт байрлах отоглох цэгийн үйлчилгээний хураамж авах, зарцуулахтай холбогдсон харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.
17.7.Отоглох цэг нь байнгын, эсхүл түр байж болох бөгөөд стандартын шаардлага хангасан байна.
17.8.Отоглох цэгт олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулна.