16 дугаар зүйл. Аялал жуулчлалын бүс

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Аялал жуулчлалын бүс

16.1.Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгосон аялал жуулчлалын бүстэй байна.

16.2.Аялал жуулчлалын бүсийг дараах байдлаар ангилна:

16.2.1.улсын аялал жуулчлалын бүс;

16.2.2.орон нутгийн аялал жуулчлалын бүс.

16.3.Улсын аялал жуулчлалын бүсийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт байгаль, түүх, соёлын өв, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах зорилгод нийцүүлэн Засгийн газраас тогтоож, хилийн заагийг батална.

16.4.Улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтоохдоо газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны саналыг авна.

16.5.Улсын аялал жуулчлалын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа, газар ашиглалтад холбогдох техникийн зохицуулалт, стандартыг мөрдөх бөгөөд түүнд нийцсэн менежментийн төлөвлөгөөтэй байна.

16.6.Энэ хуулийн 16.5-д заасан менежментийн төлөвлөгөө, бүсийн аялал жуулчлалын маршрутыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

16.7.Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж орон нутгийн аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд болон энэ хуулийн 27.1-д заасан аялал жуулчлалын мэдээллийн санд хүргүүлнэ.

16.8.Орон нутгийн аялал жуулчлалын бүс нь менежментийн төлөвлөгөөтэй байна. Орон нутгийн аялал жуулчлалын бүсийн газар зохион байгуулалтын асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

16.9.Улсын аялал жуулчлалын бүсэд хамаарах аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аялал жуулчлалын газрын ашиглалт, хамгаалалтын асуудлыг тусгаж хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 16.5-д заасан техникийн зохицуулалт, стандартыг мөрдөнө.

16.10.Энэ хуулийн 16.8-д заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

16.11.Улсын аялал жуулчлалын бүсийн менежментийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн аялал жуулчлалын бүсийн менежментийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.

16.12.Аялал жуулчлалын бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

16.13.Орон нутгийн аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтоохдоо улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагтай давхцуулж тогтоохыг хориглоно.

16.14.Улсын аялал жуулчлалын бүстэй орон нутгийн аялал жуулчлалын бүс давхацсан тохиолдолд тухайн хэсгийг холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүчингүй болгоно.

16.15.Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа эрхлэх аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч хоорондын орон зайн төлөвлөлтөд холбогдох техникийн зохицуулалт, стандартыг заавал дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.