4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."аялал жуулчлал" гэж хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа өөр газарт 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялан явахыг;
4.1.2."аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөө" гэж аялал жуулчлалын бүсийн байгалийн нөөц, түүх, соёлын дурсгалыг хамгаалах, зохистой ашиглах, сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн богино болон дунд хугацааны төлөвлөгөөг;
4.1.3."аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ" гэж аялал жуулчлалын байгууллагаас жуулчинд санал болгож байгаа аяллын явцад шаардагдах бүтээгдэхүүн, үйлчилгээг;
4.1.4."аялал жуулчлалын дэд бүтэц" гэж нисэх буудал, зам, тээвэр, эрчим хүч, ус хангамж, ариун цэврийн байгууламж, улсын, олон улсын, орон нутгийн чанартай авто зам дагуух үйлчилгээний байгууламж, тэмдэг тэмдэглэгээ, харилцаа, холбоо, мэдээлэл технологийн цахим дэд бүтцийг;
4.1.5."аялал жуулчлалын нөөц" гэж аялал жуулчлалын үйл ажиллагаанд ашиглах байгалийн тогтоц, амьтан, ургамал, түүх, палеонтологи, археологи, шашин, соёлын биет болон биет бус өв, өв тээгчийг;
4.1.6."аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага" гэж байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үзмэр, үзвэр үйлчилгээ, жуулчны мэдээллийн төв зэрэг жуулчинд зориулсан үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдийг;
4.1.7."аяллын агент" гэж тур оператор болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлан борлуулж байгаа хуулийн этгээдийг;
4.1.8."жуулчин" гэж энэ хуулийн 4.1.1-д заасан аялал жуулчлалд хамрагдаж байгаа хүнийг;
4.1.9."жуулчны хөтөч-тайлбарлагч" гэж жуулчинд үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, байгаль, газар зүйн онцлог болон шаардлагатай бүх мэдээллийг хүргэж, аяллыг хөтлөн явуулах энэ хуульд заасан шаардлага хангасан хүнийг;
4.1.10."нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал" гэж тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөл жуулчинд энэ хуулийн 11.1-д заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг;
4.1.11."отоглох цэг" гэж аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацад нийцүүлэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд зориулагдсан, өөрийн стандарт бүхий, жуулчинд зориулсан түр байрлах үйлчилгээний цогц орчныг;
4.1.12."тур оператор" гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөн бүрдүүлж, шууд, эсхүл аяллын агентаар дамжуулан худалдан борлуулах, аялал зохион байгуулах хуулийн этгээдийг;
4.1.13."тусгай сонирхлын аялал жуулчлал" гэж тусгай мэргэжлийн ур чадвар, техник хэрэгсэл шаардсан аялал жуулчлалыг.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА