5 дугаар зүйл. Аялал жуулчлалын үйлдвэрлэл
5.1.Аялал жуулчлалын үйлдвэрлэл нь аялал жуулчлалын үндсэн ба дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрдэнэ.
5.2.Аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
5.2.1.жуулчныг байр сууцаар хангах үйлчилгээ;
5.2.2.зорчигч тээврийн үйлчилгээ;
5.2.3.аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх үйлчилгээ.
5.3.Аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
5.3.1.хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
5.3.2.аялал жуулчлалын мэдээлэл, зар сурталчилгааны үйлчилгээ;
5.3.3.спортын арга хэмжээ, үзмэр болон урлаг, соёлын бусад үйлчилгээ;
5.3.4.жуулчинд зориулсан гар урлалын болон бусад худалдаа үйлчилгээ.
5.4.Төрөөс экспортын үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтөд аялал жуулчлалын байгууллагын гадаадын жуулчинд үзүүлсэн энэ хуулийн 5.2, 5.3-т заасан үйлчилгээ нэгэн адил хамаарна.