17 дугаар зүйл. Боловсролын байгууллага

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Боловсролын байгууллага

17.1.Боловсролын байгууллага нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн, үнэлгээний, чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн, боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвөөс бүрдэнэ.

17.2.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлогын суурь, хэрэглээний судалгаа, шинжилгээ, инновац, арга зүйн болон сургалт эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.3.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу байгуулна.

17.4.Энэ хуулийн 17.2-т заасан байгууллага нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын арга зүй, үнэлгээ, сурах бичгийн тохирц, нийцлийг шалган турших түшиц цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай байж болно.

17.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага энэ хуулийн 17.4-т заасан түшиц цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг сонгон туршилт зохион байгуулж болно.

17.6.Насан туршийн суралцахуйн төв нь иргэний албан, албан бус сургалтаар боловсрол эзэмших, бие даан суралцахад мэдээллээр ханган, зөвлөн туслах, удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Насан туршийн суралцахуйн төв нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяанд байна.

17.7.Насан туршийн суралцахуйн төв нь бичиг үсгийн болон ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг төлбөргүй зохион байгуулна.

17.8.Энэ хуулийн 17.6-д заасан төв нь танхимын сургалтад хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн цогц үйлчилгээг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж болно.

17.9.Боловсролын, эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төв ажиллуулж болно.

17.10.Энэ хуулийн 17.9-д заасан дэмжих төвийн үйл ажиллагааны зардлыг боловсролын, эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран санхүүжүүлнэ.

17.11.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бүх түвшний үнэлгээ, элсэлтийн шалгалт зохион байгуулах, хүний мэдлэг, чадвар, чадамжийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, үнэлгээний хөгжлийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

17.12.Энэ хуулийн 17.11-д заасан үнэлгээ, элсэлтийн шалгалтын журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17.13.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага нь боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн чанарыг эрх бүхий байгууллагын баталсан стандарт, шаардлагын дагуу магадлан итгэмжлэх, чанарын баталгаажуулалтыг удирдлага, арга зүйгээр хангах, мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг эрхлэн хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

17.14.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага нь магадлан итгэмжлэл хийх эрхийг дотоодын байгууллагад олгох, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.9-д заасны дагуу гадаадын хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох, гадаад улсын болон олон улсын эрх бүхий байгууллагатай хамтран магадлан итгэмжлэл хийх, олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг баталгаажуулах, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

17.15.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх судалгаа, үнэлгээ хийх, баталгаажуулах сантай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.