28 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага
28.1.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна.
28.2.Аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс харьяа нутаг дэвсгэртээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
28.2.1.боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
28.2.2.хичээл, судлагдахууны агуулга, арга зүй, үнэлгээ, технологи болон зайн, цахим сургалтыг хөгжүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
28.2.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.6, 7.7-д заасан зөвшөөрөл олгох эсэх талаар санал, дүгнэлт гаргах;
28.2.4.боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх;
28.2.5.өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг хангах, зөвлөн туслах;
28.2.6.иргэнд боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах, насан туршдаа суралцахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
28.2.7.өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад хоол хүнсний хангамж, сургалтын орчны аюулгүй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тохирох орчныг бүрдүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
28.2.8.сургуулийн орчинд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, боловсролын сургалтын байгууллагыг арга зүй, зохицуулалтаар хангах; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Тайлбар:Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3.1.4-т заасан "сургуулийн орчин" гэсэн тодорхойлолтод бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын орчин хамаарна.
28.2.9.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын гамшгийн эрсдлийг үнэлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, нөхцөл байдлыг тогтворжуулахад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
28.2.10.гамшгийн улмаас хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоох тохиолдолд боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах;
28.2.11.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, албан хаагч ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
28.2.12.орон нутгийн насан туршийн суралцахуйн төвтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
28.2.13.боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн биелэлт, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
28.2.14.зайн болон цахим сургалтын чанар, үр дүнг сайжруулах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
28.2.15.хуульд заасан бусад.
28.3.Нийслэлийн боловсролын газар нь дүүргийн боловсролын хэлтсийг чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлага, дэмжлэгээр хангаж ажиллана.
28.4.Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:
28.4.1.боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар таваас доошгүй жил ажилласан, магистр зэрэгтэй байх;
28.4.2.боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, нийгмийн ажил, сэтгэл зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх.
28.5.Дүүргийн боловсролын хэлтсийн дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:
28.5.1.боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар таваас доошгүй жил ажилласан байх;
28.5.2.энэ хуулийн 28.4.2-т заасан шаардлагыг хангасан байх.
28.6.Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.
28.7.Нийслэлийн боловсролын газрын дарга дүүргийн боловсролын хэлтсийн даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.
28.8.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно.