30 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаас гадна боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.1.1.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэх;

30.1.2.боловсролын сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангахад дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах, хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

30.1.3.насан туршийн суралцахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

30.1.4.нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний цөөнхийн монгол хэл болон эх хэлээрээ боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

30.1.5.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний чанар, үр дүнг Засгийн газар болон иргэн, олон нийтийн өмнө хариуцах;

30.1.6.боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээг авах;

30.1.7.боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авах;

30.1.8.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газрыг зориулалтын барилга байгууламжаар хангах;

30.1.9.ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид сургуулийн автобусаар үйлчлэх журам батлан, үйл ажиллагааг зохион байгуулах;

30.1.10.орон нутаг дахь насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааны болон тогтмол зардлыг санхүүжүүлэх, хамтран ажиллах;

30.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.