31 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
31.1.Сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.1.1.хүүхдэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх, иргэнд ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг дэмжих, хамтран ажиллах;
31.1.2.иргэнд насан туршийн суралцахуйн талаарх мэдээллээр хангах, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран ажиллах, малчин өрхийн гишүүнийг насан туршийн суралцахуйн сургалтад хамруулах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31.1.3.өмчийн хэлбэр үл харгалзан боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
31.1.4.өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
31.1.5.насан туршийн суралцахуйн төвийн бүтэц, орон тоонд нийцүүлэн төсвийг баталж, санхүүжүүлэх, хамтран ажиллах, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх;
31.1.6.тухайн нутаг дэвсгэрийн боловсролын сургалтын байгууллагын чанар, гүйцэтгэл, хүртээмжийг сайжруулах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх;
31.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.