4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."ахисан түвшний сургалт" гэж магистрын болон докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.2."дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч" /цаашид "суралцагч" гэх/ гэж дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрөөр суралцагч оюутан, магистрын хөтөлбөрөөр суралцагч магистрант, докторын хөтөлбөрөөр суралцагч докторантыг;
4.1.3."судалгааны грант" гэж Инновацийн тухай хуулийн 3.1.7-д зааснаас гадна байгууллага, судлаачийн судалгааны ажилд зориулж иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагаас урьдчилан нөхцөл, болзолтой буцалтгүй олгох мөнгөн болон мөнгөн бус хөрөнгийг;
4.1.4."судалгааны их сургууль" гэж судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг, бакалавр болон ахисан түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг дээд боловсролын сургалтын байгууллагыг;
4.1.5."суралцагчийн тэтгэлэг" гэж сургалтын төлбөр, судалгааны болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан суралцагчид олгох мөнгөн тусламжийг;
4.1.6."сургалтын зээл" гэж сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэхэд зориулан эргэн төлөгдөх хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцагчид олгох мөнгөн хөрөнгийг;
4.1.7."сургалтын төлбөрийн хөнгөлөлт" гэж дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн сурлагын амжилт, төлбөрийн чадамжийг тооцож төлбөрөөс тодорхой хувиар чөлөөлөхийг;
4.1.8."шаталсан сургалт" гэж боловсролын бусад түвшний хөтөлбөрийг зэрэгцсэн болон дараалсан байдлаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг.