15 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг

15.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:

15.1.1.өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь, ногдол ашиг хүртэх;

15.1.2.түншлэгч байгууллага, иргэн, ажил олгогчид зөвлөгөө өгөх;

15.1.3.үйлдвэрлэлийн орчинд дадлага хийх;

15.1.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй орчинд ажиллах, сургалт зохион байгуулах;

15.1.5.шилдэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх;

15.1.6.ажлын гүйцэтгэл, үр дүнгээ үнэлүүлэх;

15.1.7.ажил, мэргэжлийн стандарт боловсруулахад оролцох.

15.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын ерөнхий хуулийн 13.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:

15.2.1.инновац, шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтад нэвтрүүлэх, сургалтын идэвхтэй, шинэлэг арга зүйг үр өгөөжтэй ашиглах;

15.2.2.суралцагчийн мэдлэг, ур чадварыг оношилж, чадамжийн түвшинд үндэслэн сургалтыг уян хатан зохион байгуулах;

15.2.3.сургалтын хөтөлбөрийг боловсруулах, нэгж хичээлийн төлөвлөлт хийх, дадлага сургалтын удирдамж боловсруулах, шинэчлэх, сургалтад ашиглах;

15.2.4.суралцагчийг сургалтын явц, анги дэвших болон сургууль төгсөхөд нь үнэлэх;

15.2.5.үйлдвэрлэлийн дадлагыг удирдах багш нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;

15.2.6.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.2.1, 23.2.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.