16 дугаар зүйл. Багш, ажилтны нийгмийн баталгаа
16.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш Боловсролын ерөнхий хуулийн 13.3-т зааснаас гадна дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
16.1.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;
16.1.2.мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшид таван жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгох;
16.1.3.мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, арга зүйч, номын санч, эмч, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэнд эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа боловсролын сургалтын байгууллагаас олгох.