17 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг

17.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:

17.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдсан байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй орчинд суралцах;

17.1.2.сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, түүхий эд материалаар хангагдах;

17.1.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;

17.1.4.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлсөөр хангагдах;

17.1.5.хосмог болон ажлын байран дахь сургалтад суралцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагаас хэтрүүлэн ажиллахгүй байх;

17.1.6.Боловсролын ерөнхий хуулийн 11.3-т заасан тэтгэлэг авах;

17.1.7.мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээнд оролцох;

17.1.8.сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох;

17.1.9.хуульд заасан бусад.

17.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын ерөнхий хуулийн 10.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:

17.2.1.үйлдвэрлэлийн болон сургалтын байгууллагын орчинд хийх дадлагын үед дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах;

17.2.2.мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах;

17.2.3.сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглалтын зааврын дагуу ашиглах;

17.2.4.үйлдвэрлэлийн дадлагын үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх.

17.3.Суралцагч элссэн хөтөлбөрөөр суралцах хугацаандаа тухайн чиглэлийн мэргэжлийн бусад хөтөлбөрт суралцаж, хос мэргэжил эзэмшиж болно.

17.4.Суралцагч энэ хуулийн 17.3-т заасан ижил чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрт хамрагдах тохиолдолд сургалтын төлбөр төлөх бөгөөд тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.