19 дугаар зүйл. Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
19.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, сонирхогч тал нийгмийн түншлэлийг бүрдүүлж зөвлөлийн хэлбэрээр дараах түвшинд ажиллана:
19.1.1.салбарын түвшний нийгмийн түншлэлийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоо, ажил олгогч, эцэг, эхийн төлөөлөл бүрдүүлэх;
19.1.2.орон нутгийн нийгмийн түншлэлийг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоо бүрдүүлэх
19.1.3.сургалтын байгууллагын нийгмийн түншлэлийг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагч бүрдүүлэх.
19.2.Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах эрхтэй:
19.2.1.сургалт, үнэлгээний стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулахад оролцох, санал болгох, сайжруулах талаар санал өгөх;
19.2.2.үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн үнэлгээг зохион байгуулахад хамтран ажиллах;
19.2.3.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд төлөөлөл оролцуулах;
19.2.4.иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилтны мэргэшлийн түвшнийг дээшлүүлэх, ур чадвар, чадамж эзэмшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах;
19.2.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийн талаар санал, дүгнэлт гаргах;
19.2.6.иргэний хүсэл сонирхол, чадавх, боломжид нийцүүлэн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх.
19.3.Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах чиг үүрэгтэй:
19.3.1.түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлд суурилсан, чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх;
19.3.2.түншлэлийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
19.3.3.өөрийн болон түншлэлд оролцогч байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
19.3.4.мэргэжилтэй ажилтны тоо, мэргэжлийн чиглэл, ур чадвар, чадамжийн шаардлага, мэргэшлийн түвшин ахиулах сургалт, өмнө эзэмшсэн мэдлэг ур чадварын үнэлгээний хүсэлтийг төлөөллийн байгууллагаар дамжуулан боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх;
19.3.5.үйлдвэрлэлийн дадлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1, 63.2, 63.3-т заасан гурван талт гэрээ, дадлагын удирдамжийн дагуу зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, үр дүнг хамтран дүгнэх;
19.3.6.үйлдвэрлэлийн дадлага сургалтыг байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд удирдамж, хөтөлбөрт тусгасан чадамжийг эзэмшүүлэх, дадлагын явцад суралцагчийн оролцоог хангах, хуваарийн дагуу сургалтыг зохион байгуулах;
19.3.7.дадлага сургалтыг үйлдвэрлэлийн дадлагажуулагчаар удирдуулах;
19.3.8.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад шаардлагатай орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалын нөөцөөр хангахад дэмжлэг үзүүлэх;
19.3.9.үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг зохион байгуулах, мэргэшлийн ур чадвар эзэмшүүлэх дадлагажуулагч инженер, техникийн ажилтан ажиллуулах;
19.3.10.техник, технологийг шинэчлэх, судалгаа, туршилт хийх, инновацыг сургалтын байгууллагатай хамтран хөгжүүлэх;
19.3.11.багш, инженер, техникийн ажилтны мэдлэг, чадварыг хөгжүүлэх, шинэ техник, технологи дээр дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх;
19.3.12.сургалтын байгууллагыг бэхжүүлэх, сургалтын орчин бүрдүүлэх, шинэчлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
19.3.13.дагалдан суралцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлс олгох.
19.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15.1.4, 15.1.5, 15.1.6, 15.1.9-д заасан зардал, дэмжлэг, хандивыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцуулж болно.
19.5.Аж ахуйн нэгж, байгууллага нь эдийн засгийн үйл ажиллагааны салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамааран Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих санд энэ хуулийн 22.1-д заасан зөвлөлийн тогтоосон хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
19.6.Хосмог сургалт зохион байгуулсан тохиолдолд ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 63.3-т заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлнө.