26 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага

26.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан нийтлэг дүрмийг үндэслэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална.

26.3.Цогцолбор, хотхон бүхий мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нэгдсэн удирдах зөвлөлтэй байж болно.

26.4.Удирдах зөвлөл есөн гишүүнээс бүрдэх бөгөөд үүсгэн байгуулагчийг төлөөлөх нэг, тухайн сургалтын байгууллагын хамт олныг төлөөлөх хоёр, түншлэгчийг төлөөлөх тав, төгсөгчийг төлөөлөх нэг гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

26.5.Удирдах зөвлөл дараах эрхтэй:

26.5.1.сургалтын, судалгаа шинжилгээний, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг тогтоох;

26.5.2.сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, сургалтын үр дүн, чанар гүйцэтгэлийг хэлэлцэх, дүгнэх.

26.6.Удирдах зөвлөл дараах үүрэгтэй:

26.6.1.сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэж батлах, хэрэгжилтэд хяналт тавих, сургуулийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх, дүгнэх;

26.6.2.энэ хууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалттай холбоотой стандарт, заавар, дүрэм, журам, эрх зүйн актыг хэрэгжүүлэх, сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

26.6.3.аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбооны оролцоог дэмжих, түншлэлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

26.6.4.хандив, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх, зарцуулалтад хяналт тавих.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.