27 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлага
27.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг захирал хэрэгжүүлнэ.
27.2.Захирал дараах шаардлагыг хангасан байна:
27.2.1.бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
27.2.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад, эсхүл үйлдвэрлэлийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс тухайн салбарт сургалтын менежер, арга зүйч, тэнхимийн эрхлэгчээр дөрвөөс доошгүй жил ажилласан туршлагатай байх.
27.3.Энэ хуулийн 27.2.2-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд томилохыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно.
27.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг таван жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүн, гүйцэтгэлд үндэслэн, удирдах ажилтны манлайлал, хариуцлага, ёс зүйтэй байдлыг харгалзан дахин нэг удаа улируулан томилж болно.
27.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал дараах чиг үүрэгтэй:
27.5.1.сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
27.5.2.иргэний мэргэжил, ур чадвар эзэмших хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн чанартай боловсрол, сургалтын үйлчилгээ үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
27.5.3.нийгмийн түншлэлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбооны оролцоог дэмжих;
27.5.4.гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлэх асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангах;
27.5.5.батлагдсан төсөв, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогыг үр ашигтай зарцуулах;
27.5.6.хууль тогтоомжид заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, статистикийн мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
27.5.7.сургалтын төлөвлөгөө батлах;
27.5.8.төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллах;
27.5.9.сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулах орчин нөхцөл, материаллаг нөөцөөр хангах ажлыг удирдан зохион байгуулах;
27.5.10.удирдах ажилтны манлайлал, ёс зүйг хангаж ажиллах;
27.5.11.холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан бусад үүрэг.
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТӨСӨВ, САНХҮҮЖИЛТ