28 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын санхүүжилт
28.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зардлыг сургалтын үр дүн, чанар, гүйцэтгэлд үндэслэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
28.2.Нэг суралцагчид ногдох мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардлыг санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
28.3.Салбар, үйлдвэрлэлийн онцлогоос хамааран аж ахуйн нэгж, байгууллага нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих санд цалингийн сангаасаа Зөвлөлөөс тогтоосон тодорхой хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
28.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг Зөвлөл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.