21 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт
21.1.Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.
21.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын ажил олгогч Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 21.1-д заасны дагуу нийгмийн даатгалын санд төлнө.
21.3.Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, ажил олгогчийн төлөөлөгчийн газар, төлөөний газрын ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсад ажиллаж байгаа адилтгах албан тушаалын ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, тухайн ажилтныг томилон ажиллуулж байгаа ажил олгогч нийгмийн даатгалын санд төлнө.
21.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг даатгуулагчийн ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч нийгмийн даатгалын санд төлнө.
21.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 63.3-т заасан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийгмийн даатгалын санд сар бүр төлнө.
21.6.Энэ хуулийн 7.2.4-т заасан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө.
21.7.Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө.
21.8.Энэ хуулийн 7.2.6-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө.
21.9.Энэ хуулийн 7.3.1, 7.3.2-т заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, урамшууллаас даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч нийгмийн даатгалын санд төлнө.
21.10.Энэ хуулийн 7.3.3-т заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр даатгуулагч өөрөө хариуцан сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө.
21.11.Энэ хуулийн 7.4.1, 7.4.2-т заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын зохих санд нөхөр, эхнэрийн ажиллаж байгаа ажил олгогч сар бүр төлнө.
21.12.Энэ хуулийн 7.4.3-т заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын зохих санд ажил олгогч сар бүр төлнө.
21.13.Энэ хуулийн 7.4.4-т заасан даатгуулагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө.
21.14.Энэ хуулийн 7.4.5-д заасан эх, эсхүл эцгийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө.
21.15.Энэ хуулийн 7.4.6-д заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, нөхөр, эхнэрийн ажиллаж байгаа ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө.
21.16.Энэ хуулийн 7.4.7-д заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, улс, орон нутгийн төсвөөс тухай бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө.
21.17.Энэ хуулийн 7.4.8-д заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, улсын төсвөөс нийгмийн даатгалын зохих санд улирал бүр төлнө.
21.18.Энэ хуулийн 7.4.9-д заасан хугацаат цэргийн алба хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, цэргийн анги, байгууллага хариуцан сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө.
21.19.Энэ хуулийн 7.5.2-т заасан даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэврийн даатгалын санд төлнө.
21.20.Сайн дураар даатгуулагч энэ хуулийн 19.1.7-д заасан орлогоос сайн дураар даатгуулах гэрээгээр тохирсон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын зохих санд төлнө.
21.21.Гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг доор дурдсанаар тооцож сар бүр төлнө:
21.21.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6.1-д заасан нөхцөлийг хүүхэд төрүүлэх бүрд хангаж жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан эхийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас;
21.21.2.энэ хуулийн 21.21.1-д зааснаас бусад эхийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс.
21.22.Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс сар бүр төлнө.
21.23.Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна.
21.24.Энэ хуулийн 21.21, 21.22, 21.23-т заасан даатгуулагч сайн дураар даатгуулах гэрээгээр тохирсон төлбөл зохих шимтгэлийн дүнгээс тэтгэмжийн даатгалын сан, улсын төсвөөс төлсөн шимтгэлийг хасаж, үлдэх хэсэг болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг өөрөө хариуцан төлнө.
21.25.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн ажил, хөдөлмөр эрхлэх хугацаанд энэ хуулийн 21.19-д заасан шимтгэлийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас давхардуулан төлөхгүй.
21.26.Цэргийн жинхэнэ алба хаагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүний цэргийн алба хаасан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр дараах байдлаар тооцож, нийгмийн даатгалын зохих санд улсын төсвөөс тухай бүр төлнө:
21.26.1.цэргийн алба хаасан хугацааны шимтгэлийг цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг энэ хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэсэн орлогоос;
21.26.2.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаасан хугацааг өсгөн тооцсон хугацааны шимтгэлийг шимтгэл төлөх үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс.
21.27.Дипломат албаны тухай хуулийн 22.4-т заасны дагуу цаг уурын хүнд нөхцөл бүхий улсад ажилласан өсгөн тооцсон хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг шимтгэл төлөх үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын зохих санд улсын төсвөөс тухай бүр төлнө.
21.28.Энэ хуулийн 7.7-д заасан даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын зохих санд төлж болно.
21.29.Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны адилтгах албан тушаалын жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах жишиг цалин хөлсний хэмжээг гадаад харилцааны болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
21.30.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
21.31.Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.