23 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаа
23.1.Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно:
23.1.1.ажилтны 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаа;
23.1.2.ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа;
23.1.3.Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа;
23.1.4.тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил төлсөн, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн эхийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар тооцсон хугацаа;
23.1.5.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн цэргийн жинхэнэ алба хаасан нэг жилийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нэг жил зургаан сараар тооцсон хугацаа;
23.1.6.1995 оноос өмнө ажилласан хугацааг холбогдох хуулийн дагуу нөхөн тооцож баталгаажуулсан хугацаа;
23.1.7.даатгуулагчийн Дипломат албаны тухай хуулийн дагуу цаг уурын хүнд нөхцөл бүхий улсад ажилласан нэг жилийг нэг жил зургаан сараар тооцсон хугацаа.
23.2.Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална.